МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР ХҮН БАЙВАЛ ЗОХИЛТОЙ ВЭ?

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР ХҮН БАЙВАЛ ЗОХИЛТОЙ ВЭ?Б.МОНХОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн нэр нь тодорч, батламжаа авчихлаа. Гурвуулаа үгээ хэлэв. Нэг нь улс, эх орон ямар болчихоод байгаа, ямар болгох зорилгыг өвөрлөж буйгаа, нөгөө нь тэмцээнд оролцох гэж байгаа тамирчны маягаар шууд ширүүн өрсөлдөхөө, гуравдахь нь МАНАН-ын толгойг хяргаж, оффшорчдыг ор үндэсгүй болтол устгах тухайгаа ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол улс төрийн нэн хариуцлагатай үйл ажиллагаа юм. Иймээс сонгогч бүхэн нухацтай шүүн тунгааж, урьд хойтохоо бодолцож, гүжир үгэнд унахгүй, уруулын үзүүрт орооцолдохгүй, салхины аясаар савлахгүй, ороо бусгаа зан гаргалгүй иргэнийхээ үүргийг биелүүлбэл бидэнд л хэрэгтэй байх.

Үүний тулд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх нь зохимжтой вэ гэвэл:

Нэг. Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоосон эрх, үүргийн хүрээнд:

1. Ерөнхийлөгч улсын нийт иргэдийн шууд төлөөлөл болохынхоо хувьд тэдний байр суурийг илэрхийлэгч, эрх ашгийг нь хамгаалагч, улмаар тэдний дэмжлэгтэйгээр өөрсдийг нь араасаа дагуулах чадварыг эзэмшсэн байх шаардлагатай.

2. Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг, нөлөө үзүүлж байх үүрэгтэй. Иймд өмнө нь Ерөнхий сайд, Их хурлын даргын ажлыг хийж байсан, эдгээр албан тушаалыг хашсан хүн байвал илүү тохиромжтой.

3. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөний хувьд нийгмийн бүх бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийг улс орны өмнө тулгамдсан бүхий л асуудлаар зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлдэг байхын тулд хүмүүстэй санал бодлоо солилцон ойлголцож чаддаг, аль нэг бүлэг, хэсэг, улстөрийн хүчний ашиг сонирхлыг бус, төв дунджийг баримтлах зарчмыг үйл ажиллагааныхаа чиг баримжаагаа болгодог, ноён нуруутай хүн байх ёстой. Энэ нь улстөрийн "манлайлагч” байх учиртай гэсэн үг. Гурав, дөрөвдэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд улстөрийн манлайлагч байх утга агуулга нь алдагдаж, "хувийн тоглолт” нь давамгайлж, нийгмийн сэтгэл зүйг өөрийгөө дөвийлгөх хандлага руу хөтөлж байсан нь нийгмийн дунд "Ерөнхийлөгчөөс уйдах” болон "Ерөнхийлөгчийг шүтэх” гэсэн оюун санааны хоёр чиглэлийн хоосон урсгалыг бий болгосон. Хэрэв яльгүй дэмжлэг орвол жинхэнэ манлайлагч тодроод гараад ирдэг бөгөөд нийгэм нааштайгаар хүлээн авдаг. Одоо яг ийм үе ирээд байна.

4. Үндэсний Аюулгүй Байдлын Зөв­лөлийн тэргүүний хувьд улс орны эрх ашигтай холбоотой бүхий л төрлийн мэдээллийг зохих байгууллагуудаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг зөвлөлийн хуралдаанаар санаачлан хэлэлцүүлж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар, чиглэл өгч ажиллах учиртай.

5. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, зарлиг гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ гүйцэтгэх дээд байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллах чадвартай байхын тулд нийгмийн бүх салбарын талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал.

6. УИХ-ын чуулганд тааллаараа оролцон улс орны гадаад дотоод байдлын нэн чухал тулгамдсан асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар саналаа оруулж байх эрхтэй тул бүх салбарын буюу нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий мэдлэг, мэдээлэлтэй, инженерийн сэтгэлгээтэй улстөрч байвал илүү тохиромжтой.

7. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, мэдэгдэл, хэлэлцээ хийх эрхтэй бөгөөд олон улсын болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрдэг, гадаад харилцааны туршлагатай байх ёстой. Гадаад улсад хийх айлчлалд гол төлөв гэргийн хамт явах тул эхнэр нь монгол бүсгүй байвал зохимжтой.

8. Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулан шаардлагатай гэж үзсэн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай нягт хамтран ажиллах учиртай. Энэ үүднээс Ерөнхийлөгч өөрөө аль нэг салбарын суурь шинжлэх ухааны дипломын боловсрол эзэмшсэн, эрдэмтэд, судлаачдын санал, бодлыг сайтар ойлгодог, дүн шинжилгээ хийж чаддаг, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг хүн байх ёстой.

9. Бүх насаараа Монголын төрийн нууцыг чандлан хадгалахуйц ам бөхтэй, элдэв арга мэхэнд унаж бүдрэхгүй хашир тэнүүн монгол ухааны ултай хүн байх нь зохимжтой.

10. Манай монголчуудын нэг онцлог нь энэ албыг хашиж байсан л бол "Ерөнхийлөгч” хэмээн хүндэтгэдэг /энэ нь заншил болчихоод байгаа/ ард түмэн болохоор тэр хүнийг ямагт төртэй хамтруулан ойлгодог. Иймээс тэр хүний алдаа оноо төрийн нэр хүндтэй ямагт холбогдон хүмүүсийн ой санаанд буудаг учраас бүрэн эрхээ шилжүүлсэн хойноо ч төрийн нэр хүндийг бодолцож явдаг хүн байх хэрэгтэй. Энэ бол томоохон хариуцлага юм даа.

Хоёр. Ажлын арга барил, зан араншин­гийн шинж байдлын тухайд:

Урьд нь сонгогдож байсан Ерөнхийлөгчдийг харж байхад тухайн хүний ажлын арга барил, зан араншин, суурь хүмүүжил, боловсролоос улс орны амьдралын өөдлөх уруудах нь шалтгаалаад байх шиг санагдах юм. Үүнтэй зэрэгцүүлээд олон шалгуурыг хэлж болно. Тухайлбал:

1. Улс төрийн амьдралд тодорхой байр суурийг эзэлснээрээ бусдаас ялгардаг,

2. Улс төрийн олон намтай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дуртай "төв үзэл-төвшин бодлого”-ыг баримталдаг,

3. Хувийн онцлог шинж, дүр төрх нь олон түмний дунд эерэг мэдрэмж, төсөөллийг бий болгосон байх,

4. Амьдралын суурь ухаан, номын боловсрол, гэрийн зөв хүмүүжил хосолсон,

5. Улс төрийн эдийн засгийн ухааны зохих төвшний мэдлэг эзэмшсэн,

6. Улс төрийн болон засаг захиргааны бүх шатанд ажиллаж үзсэн, төрийн үйлчилгээний мэдлэг туршлагатай, тоймлон хэлбэл, хүмүүс энэ эрхмийг "төрийн хар хүн” хэмээн ойлгох хандлага давамгайлсан имижтэй байх,

7. Дөлгөөн тайван зан ааштай, эвт ёсыг эрхэмлэхийг хичээдэг,

8. Бие хүний нийгмийн дунд эзэлж буй байр суурь нь түүнийг хошуучлагчаар тодрох замыг ихээхэн дөт болгосон,

9. Аливаа асуудалд хандахдаа улс, нийтийн эрх ашгийг хамгаалан хохирол гажуудал үүсгэхгүйгээр шийдвэрлэх арга замыг эзэмшсэн, хэрэгжүүлэх эв дүйтэй,

10. Зөвшилцөх, ойлголцох урлаг, ур чад­варыг зохих ёсоор эзэмшсэн, цөөнхийн эрх ашгийг ямагт хүндэтгэн үздэг,

11. Гэр бүлийн гишүүдийн хувьд аливаа муу зуршилгүй, элдэв будлианд холбогдоогүй, нэр цэвэр байх хэрэгтэй болов уу.

Бид тал нутгийн монгол ухааныг өвгөдөөсөө уламжилсан, төрийн буурал түшээ Ж.Самбуу гуайн шийрийг хатаачих хэмжээний ийм л хүнийг сонгож төрийн тамгаа бариулбал өлзий бүрдэх буй заа.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх