Х.НЯМБААТАР: БИД УЛААНБААТАРЫН ИРГЭН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ БАЙХ ЁСТОЙ

Ч.БАТМАА

"Их хотын иргэн” булангийн энэ удаагийн дугаарт Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Х.Нямбаатарыг урилаа.Х.НЯМБААТАР: БИД УЛААНБААТАРЫН ИРГЭН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ БАЙХ ЁСТОЙ Тэрээр Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай, хамгийн өргөн уудам нутагтай, басхүү шийдэх асуудал олонтой дүүргийн ИТХ-ын дарга. Түүнтэй өрнүүлсэн сонирхолтой яриагаа хүргэж байна.

Ирээдүй хойч үеэ хоцроох гэж биш хамгаалах гэж гаргасан шийдвэр

-Ярилцлагаа таны санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг хориглох тухай шийдвэр гарснаас эхэлж болно биз дээ. Ер нь энэ шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлага байсан юм уу?

-Сонгинохайрхан дүүрэгт нийт 35 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 14-15 мянга орчим хүүхэд хувийн болон улсын цэцэрлэгт сурч, хүмүүжиж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 72 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Ухаалаг утас хэрэглэх нь зарим талаар хэрэгтэй байж болох ч маш олон талын сөрөг үр дагавар гарч байгааг бид мэднэ. Наад зах нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болж, хүүхдүүд маань ээж аав, эгч ахаа хүндлэх сэтгэлгүй болон хүмүүжиж байгааг бид харж байгаа хэрнээ юу ч хийхгүй байж болохгүй биз дээ. Нөгөөтэйгүүр сэтгэцийн эмгэгтэй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэсэн судалгааны дүн гарсан. Тухайлбал, гар утсанд донтсоноос болж Сэтгэцийн эрүүл мэндийн төвд зөвхөн манай дүүргээс 2013 онд 38 хүүхэд хандсанаас 18 нь хэвтэн эмчлүүлсэн. 2014 онд 49 хүүхэд үйлчлүүлсний 36 нь хэвтэж эмчлүүлсэн бол өнгөрсөн онд 63 хүүхэд эмчийн зөвлөгөө авснаас 43 нь эмнэлэгт хэвтсэн баримт байгаа юм. Зөвхөн энэ оны эхний гурван сард л гэхэд гар утаснаас болж хараа нь муудсан, нүдний эвэрлэгийн үрэвслээр өвдсөн 5001 хүүхэд дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нүдний эмчид үзүүлсэн гэхээр энэ бүгдийг чимээгүй хараад сууж болохооргүй нөхцөл байдал үүссэн нь харагдаж байгаа биз дээ.

-Үнэндээ утасны хэрэглээ хүүхдийн сурлагад ч сөргөөр нөлөөлж байгаа байх?

-Ганц сурлагад ч биш, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн хохирогч золиос болох шалтгаан гар утастай холбоотой. Сүүлийн үед гарч байгаа булаалт, дээрмийн хэргийн дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн гар утастай холбоотой гарч байгаа. Нөгөөтэйгүүр хүүхдүүд бие биеийнхээ гар утсыг хулгайлж, гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч цөөнгүй байгаа. За тэгээд таны хэлж байгаагаар сурлагын амжилтад нь сөргөөр нөлөөлдөгнь тодорхой зүйл. Тиймээс энэ шийдвэрийг олон хүн дэмжиж байна.

-Хөгжилтэй орнуудад ийм жишиг байдаг юм болов уу. Хотын иргэнийг техник технологийн дэвшлээс хоцроох гэлээ гээд л шүүмжлэх хүн мундахгүй л байх даа?

-Бид судалгаа хийсэн. Америк, Япон, Европын холбооны улсууд, Хятадын туршлагууд бий. Японд бага болон дунд ангийн сурагчдыг оройн 21 цагаас хойш гар утас хэрэглэхийг хориглосон шийдвэрийг хотын захиргаа нь гаргасан байдаг юм байна. АНУ-д ерөнхий боловсролын сургуулиудаас гадна их дээд сургуулиудад хүртэл гар утас, ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг хориглосон. Хүүхдүүд гэрийн даалгавар хийхдээ интернэтээс бэлэн материал ашиглаад, өөрийн сэтгэн бодох чадвар буурч байна гэж тэд үзсэн байгаа юм. Хятадад ухаалаг утсанд донтсон хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх төв, сэтгэцийн эмнэлгүүдэд тусгай тасаг хүртэл нээсэн байдаг. Тиймээс ирээдүй хойч үеэ мэдээллээс хоцроох гэсэндээ биш тэдний эрүүл мэнд, цаашдын зөв төлөвшил хүмүүжилд нь эерэг нөлөөтэй гэж бодож л энэ шийдвэрийг гаргасан даа.

 

Төсвийн ялгамжтай хуваарилалтыг өөрчлөх нь манай дүүргийн хөгжлийн гарц

-Улаанбаатарын хамгийн том дүүрэг Сонгинохайрхан маань хэр хөгжиж байна. Техникийн төвлөрсөн захтай болж байна, дэд хот нүүж очно гээд л хөгжөөд байгаа юм шиг л ярих юм. Үнэн байдлыг та л сайн мэдэж байгаа байх?

-Яг өнөөдрийн байдлаар техникийн зах нээгдээгүй байна. Гэтэл "Би техникийн захыг санаачилсан, бид нүүлгэж байгаа” гээд л гавьяаг нь булаацалдах хүн цөөнгүй байна. Үнэндээ 2013 оны долдугаар сард бид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар чуулганыг одоогийн техникийн зах баригдаж байгаа талбайн хажууд хийж байлаа. Учир нь тэр үед хуралдах танхим байсангүй, хоёрт гэвэл энэ газар 15 байгууллага хайрга олборлоод нөхөн сэргээлт хийгээгүй, усан цүнхээлүүд үүсгээд орхичихсон байсан. Түүнд нь хүн унаж амь эрсдсэн, олон мал үрэгдсэн ийм л газар байлаа. Тиймээс зориуд энэ газрыг сонгож чуулганаа хийгээд 630 га газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Гэтэл маргааш нь нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч Гантөмөр утасдаад техникийн зах барих санал тавьсан. Хариуд нь Э.Бат-Үүл дарга албан ёсоор хүсэлтээ тавьсан тохиолдолд бид энэ газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлье гээд гуравдугаар чуулганаараа чөлөөлж өгч байсан юм. Одоо миний зүгээс техникийн зах хурдан ашиглалтад ороосой гэсэн чин хүсэлтэй байгаа ч орчин үеийн шаардлагад нийцүүлсэн, ялангуяа байгалийн гамшиг, Туул голын сав газрын хүйтэн зэрэгт нийцүүлэн аль болох л битүү байгууламж байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Түүнээс биш захиргааны аргаар бизнес эрхлэгчдийг дарамтлаад ийш нь авчирна гэвэл бүтэхгүй асуудал болох байх.

-Таныхаар яавал дээр вэ?

-Нэг онигоо шиг зүйл бий шүү дээ. 1970-аад оны сүүлчээр Эрдэнэт хотыг байгуулж Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг нээгээд, маш олон микро район байгуулаад, ажил өрнөж эхэлсэн ч хотын хувьд нэг л төлөвшиж өгөхгүй байсан гэдэг. Яагаад гэхээр орой болохоор л залуучууд 100 татаад, зодоон хийгээд болохоо байхаар нь тухайн үеийн амьдралын хар ухаан сайтай дарга нар хивсний үйлдвэр байгуулаад эмэгтэйчүүдийг аваачсан байдаг. Гэтэл жилийн дараа л энд тэндгүй нялх хүүхдүүд уйлаад, залуу хосууд зугаалаад хот шиг хот болсон гэдэг. Тэгэхээр аливаа асуудлыг захиргааны аргаар хүчилж шийдэхээс илүүтэй ямар асуудлыг шийдчихвэл зах шиг зах болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хамгийн наад зах нь сая орсон цасанд техникийн зах маань дарагдсан шүү дээ. Тэгэхээр хойноосоо халхлах юмгүй бол бас л асуудалтай байгаа юм. Дэд хот байгуулах тухайд өнөөдөр нүдэнд харагдаж, гарт баригдахаар юм хийгдээгүй л байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баянхошуу дэд төв байгуулах тухай асуудал явж байгаа. Эхний ээлжинд дэд төвийн хүрээнд таван давхар байр баригдсан. Одоо инженерийн шугам сүлжээ, бохирын асуудлыг нь шийдэх тендерийн ажил явагдаж байгаа байх. Хотын шинэ захиргааны ордон ирнэ гэсэн нь үндсэндээ зогссон. Дарга нар олон удаа ирж шав тавьсан ч харамсалтай нь одоогоор нэг ширхэг ч нүх ухаагүй, тоосго тавиагүй л байна.

-Дүүргийнхээ хөгжлийн гарцыг хэрхэн харж байна, бодсон санасан зүйл байгаа л байлгүй дээ?

-Ерөөсөө л мөнгө. Манай дүүрэг төвийн зургаан дүүргээс ганцаараа төсөв санхүүгээ бүрдүүлж чаддаггүй, 24 жил энэ жишгээр явж ирсэн. Шалтгаан нь энгийн. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн тухай хуулийн гажуудал. Өнөөдөр төвийн таван дүүрэг 17-37 тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлж байна. Энэ жил Сүхбаатар дүүрэг 37 тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлнэ гэж төлөвлөсөн. Бусад нь 18-аас хорин хэдэн тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байхад манай дүүрэг 6.8 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн зорилт тавьсан ч одоогийн байдлаар орлого 600 гаруй сая төгрөгөөр тасраад явж байна.

-Энэ ямар учиртай юм бэ?

-Төсвийн тухай хуулиар дүүргийн орлого тэмдэгтийн хураамж, орлогыг нь тухай бүрт нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээнээс авах жижиг татвар, гуравт, байгалийн нөөц баялаг ашигласны хураамж, дөрөвт, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны хоёр хувийн татвар, тавд, хувьцаа эзэмшигчдийн ноогдол ашгаас авах татвараас тус тус бүрддэг. Гэтэл Сүхбаатар дүүргийн 37 тэрбум төгрөгийн дийлэнхийг Монголын толгой баячуудын хувьцааны ноогдол ашгаас авах татварын орлого бүрдүүлчихэж байгаа юм. Чингэлтэй дүүргийн 20 гаруй тэрбум төгрөгийн дийлэнхийг Улсын Дээд шүүх, Нийслэлийн шүүх, Захиргааны хэргийн шүүхүүдэд төлж буй тэмдэгтийн хураамж бүрдүүлчихдэг. Өнгөрсөн жил гэхэд 16 тэрбум төгрөг зөвхөн дээрх байгууллагуудад тушаасан тэмдэгтийн хураамжаас бүрдсэн байгаа юм. Дээр нь Байгаль орчны яам байрладаг, шонхор шувуу, аргаль угалз агнасан хураамж татварын орлогыг нь бүрдүүлж байгаа юм. Гэтэл манайд ганц ч яам, агентлаг алга. Нэг ч том хувьцаа эзэмшигч манай дүүрэгт иргэний харьяалалтай байдаггүй. Баянзүрх дүүрэгт бол Монгол Улсын маш олон төвлөрсөн зах төсвийн орлогыг нь бүрдүүлчихэж байна. "Нарантуул”, "Да хүрээ”, "Өгөөмөр”, "Sunday” гээд орлоыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээний орлогуудаас татварын орлого нь бүрдчихдэг. Хан-Уул дүүрэгт Гадаадын иргэн харьяатын алба гээд том байгууллага байна. Гадаадын иргэдийн орж гарахдаа төлдөг хураамж, торгуулийн орлогоос төвийн орлого нь бүрдчихэж байна. Гэтэл манайд дээр дүүргүүдтэй адилтгах нэг ч бааз суурь алга. Тэгэхээр ганц ч зүйл хэлмээр байна, өрх гэр, аж ахуйн нэгж, дүүрэг орон нутаг аль нь ч тэр төсөв мөнгөтэй байж л хөгждөг. Тиймээс Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн ялгамжтай хуваарилалтыг өөрчлөх ёстой. Энэ л манай дүүргийн хөгжлийн гарц даа.

 

Хотын соёл үгүйлэгдэж байна

-Манай сонины "Их хотын иргэн” буланд уригдсан хүн бүхнээс асуудаг асуулт бий. Та Улаанбаатарын уугуул уу, эсвэл суугуул уу?

-Яах аргагүй л хотод төрсөн хүн дээ, би. Ээж маань хотод оюутан байхдаа дүү бид хоёрыг төрүүлсэн. Тийм болохоор дүү бид хоёулаа Улаанбаатарын уугуул. Ээж сургуулиа төгсөөд нутагтаа ажиллахаар явсан учраас бидний бага нас Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд өнгөрсөн. Намайг сургуульд орсон хойно манайх хот руу шилжиж ирээд би ч жинхэнэ хотын хүн болсон доо. Сансарын 48 дугаар сургуулийг төгссөн.

-Хэдэн настайдаа гэсэн үг үү?

-Аравтай байсан юм.

-Тэгэхэд хот ямар санагдаж байсан бол?

-Анх ирэхэд хот үнэхээр гоё санагдаж байв. Манай Бэрх том уурхай дагасан хөөрхөн жижигхэн хот байсан. Улаанбаатарт ирэхэд өндөр барилгуудтай, гудамж талбай нь цэлгэр уудам, олон машин хөлхсөн нь сонин санагдаж байсныг мартдаггүй.

-Тэр үеийн хотоос үгүйлэгдэх зүйл байдаг уу танд?

-Байлгүй яах вэ. Улаанбаатар минь тэр үед одоогийнх шиг утаа униар, тоос шороотой байсангүй, Сансарын тунель, Дарь эхийн гэр хороолол одоогийнх шиг хөрс болон агаарын бохирдолд туйлдчихсан байсан биш. Тухайн үед зүлгэн дээр гишгэвэл 25 төгрөгөөр торгоно гэдгийг дөнгөж ухаан орж байгаа хүүхэд ч мэддэг байлаа. Гэтэл одоо энэ хүмүүжил байхгүй болсон. Нэг ёсондоо хотын соёл үгүйлэгдэж байна. Уг нь бид нийслэл хотын иргэн гэдгээрээ бахархдаг байх ёстой. Урд хөршид хятад хүмүүс "Би Бээжингийн хүн” гэж бахархдаг. Орост ч "Би Москвагийн хүн” гэж бахдан ярьдаг. Тэгэхээр манайханд Улаанбаатарын иргэн гэдгээрээ бахархах тийм төлөвшил бий болгох ёстой.

-Бахархал бий болгоход төр, засгийн зөв бодлого үгүйлэгдэж байна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Хотыг хөгжүүлэх тал дээр төр засгаас зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд хотыг ийм сайхан болгоно, тийм гоё болгоно гэсэн худал амлалтуудаар иргэдийг хуураад байвал хотын асуудал шийдэгдэхгүй. Хамгийн түрүүнд шийдэгдэх ёстой асуудал бол хотын усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр том төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. 1987-1988 оны үед Оросын эрдэмтэд Хар усан тохойд гадаргын усыг ашиглах замаар Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх тухай 27 боть төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан юм билээ. Гэтэл үүнийг хэрэгжүүлээгүй, яг үнэндээ энэ ажлыг хийхгүй бол Улаанбаатар маань удахгүй усгүй болно гэдгийг шийдвэр гаргах түвшнийхэн мэддэг л байлгүй дээ.

-Хотын хүүхдүүдийг дуу хөгжим, спорт наадмаас салгаж ойлгох аргагүй. Та урлаг, спортод хэр авьяастай вэ?

-Урлагт бол тааруу даа. Харин спортод бол дуртай. Биднийг хүүхэд байхад маш олон секц дугайлан хичээллэдэг байлаа. Гемнастик, аеробикаар хичээллэж, 1992 онд 48 дугаар сургууль аеробикийн хотын аваргад дэд байр эзэлж байлаа. 1993 онд Баянзүрх дүүрэг анх байгуулагдахад хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа ороод түрүүлж байлаа. Бусад хүүхдийн л адил бөхийн секцэнд явж байлаа. Одоо бол спортын тэмцээн, үндэсний бөхийн барилдаануудыг аль болох алгасахгүй үзэхийг хичээдэг дээ.

-Хотын хүний тухайд сонирхолтой хобби байдаг л байх. Хүмүүст үзүүлж сонирхуулах цуглуулга ч юм уу, бий юу, танд?

-Би явсан газар болгоныхоо бэлгэдлийг харуулсан сувенир таваг худалдаж авдаг. Мөн хөргөгчний нүүрэн дээр наадаг соронз цуглуулдаг. Гэхдээ би хүнд захиж авдаггүй, тэгээд ч очиж үзээгүй газрын эд зүйлийг цуглуулах биш очсон газраасаа өөрөө авсан нь надад үнэтэй. Миний цуглуулга нэлээд арвин болсон.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх