Л.Халтар сайд 1.7 тэрбум төгрөг улсын санд оруулжээ

Авто тээврийн үндэсний төв гэж муу нэртэй луу данстай, дарга нар нь авилгад идэгдсэн газар болсныг хэн хүнгүй мэднэ. Дарга нарынх нь халаасаа түнтийлгэх гол хэрэгсэл нь "Азын дугаар” шаглаж зарах. Зарим нь бүр албаны өрөөндөө шаглаж зарж байгаад газар дээрээ баригдаж ч байсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар үүнийг таслан зогсоохын тулд 2020 оны арвандүгээр сард тушаал гарган "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн батласан байдаг.

Уг журамд цоо шинэ нэгэн заалт орж ирсэн нь "Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулах... орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлэх” гэсэн заалт байв.

Гэтэл зарим хүн үүнийг эсэргүүцэж "хэзээ ч бүтэхгүй зүйл” хэмээж байжээ.

Анхны дуудлага худалдаа сүр дуулиантай болж нэг дугаар 400 гаруй сая төгрөгийн үнэд хүрсэн ч авсан нөхөр амнаасаа буцаж, явуургүй зүйл гэгчдийн бах тавыг хангаад өнгөрсөн.

Гэвч Л.Халтар сайд гаргасан шийдвэрээсээ буцаагүй. Нийтдээ "азын дугаар”-ын буюу сонирхол татсан дугаарын дуудлага худалдаа хоёр дахиа, бүр гурав дахиа болоод байна.

Гурван удаагийн дуудлага худалдаанд УАР, УАС, УАО серийн 1161 дугаар орсноос 1026-г нь худалдан борлуулжээ. 1026 дугаар нийтдээ 1 тэрбум, 710 сая, 650 мянган төгрөгийн үнэд хүрсэн байна. Өөрөөр хэлвэл, ашигч, авилгач дарга нарын халаасанд ордог байсан, орох байсан 1.7 тэрбум төгрөг Монгол Улсын сан хөмрөгт багтсан гэсэн үг.

Энэ бол Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын санаж сэдэж, багагүй эсэргүүцэлтэй тулгаран байж хэрэгжүүлсэн, Монгол Улсад, монголчуудад шим өгөөжөө өгсөн ажлын нэг яах аргагүй мөн билээ.

 

Эх сурвалж:www.polit.mn  

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх