Нэрт сэтгүүлч Х.Цэвлээгийн “ЭЭЖ БИДЭН ХОЁР” нийтлэл таван хэлээр ном болон хэвлэгдлээ

Ахмад сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээгийн ховорхон нугалаат амьдралынхаа талаар дурсан тэрлэсэн "ЭЭЖ БИДЭН ХОЁР” баримтат нийтлэлийг дэлхийн уншигчдад хүртээл болгохоор таван хэлээр орчуулан хэвлэжээ.

Нэрт сэтгүүлч Х.Цэвлээгийн “ЭЭЖ БИДЭН ХОЁР” нийтлэл таван хэлээр ном болон хэвлэгдлээ

 


Одоогоос 27 жилийн тэртээ "Засгийн газрын мэдээ” сонинд нийтэлж байсан энэхүү бүтээлийг хуучин монгол бичгээс гадна орос, япон, англи, хятад хэлнээ тус тус хөрвүүлээд байна. Анхны хэвлэлтээсээ хойш Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн судлагдахуун болтлоо олноо үнэлэгдсэн энэхүү бүтээлийг эмхтгэн бэлтгэж, түмэнд дахин түгээх ажлыг ахмад сэтгүүлч, орчуулагч Б.Өвгөнхүү удирдан зохион байгуулсныг нь үйлдвэрлэл, худалдааны "Бимэкс” компанийн захирал Ц.Бат-Өлзий өөрийн санаачилгаар ивээн тэтгэн хэвлүүлжээ. Тухайн бүтээлийг олон хэлнээ хөрвүүлэх нэн хариуцлагатай, амаргүй ажлыг Б.Хулан, Д.Аюуш, Х.Ундрал, П.Одгэрэл нар гардаж, Н.Баярсайхан монгол бичиг рүү хөрвүүлснийг манай нэрт редакторуудын нэг, Ц.Намсрайн нэрэмжит шагналт Я.Сумъяа хянасан байна.

          Эх хүмүүний хайр энэрэл, ижийгээ гэх үрийн сэтгэл хийгээд хуучин цагийн ахуй амьдралыг яруу тансаг, уран тодоор дүрслэн харуулсан тус бүтээлийг Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат ажилтан Ц.Балхаажав уйгуржин монголоор гараар таталсныг шинэхэн номд багтаасан нь бас нэгэн онцлууштай зүйл болжээ

Нэрт сэтгүүлч Х.Цэвлээгийн “ЭЭЖ БИДЭН ХОЁР” нийтлэл таван хэлээр ном болон хэвлэгдлээ

 

"ҮХЭЛ ЭЭЖИЙГ НЬ АВАХ ГЭЖ ЯАРДАГ. ҮР НЬ ҮХЛЭЭС ӨРСӨЖ ЭЭЖИЙГЭЭ ЖАРГААХ ГЭЖ ЯАРДАГ. ӨНӨӨДӨР ЖАРГААЖ ЧАДВАЛ ҮР НЬ ӨРСӨНӨ. МАРГААШ ЖАРГААНА ГЭВЭЛ ҮХЭЛ НЬ ӨРСӨНӨ” хэмээн өгүүлэх ахмад сэтгүүлч Х.Цэвлээгийн 70 жилийн тэртээ мөнх бусын орныг зорьсон ижийдээ оюуны суварга болгон сүндэрлүүлсэн тус номыг 1000 хувь хэвлэсэн байна.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх