ДЭЛХИЙН МАНЛАЙ

Дэлхийн медальтан:

 

 

ДЭЛХИЙН МАНЛАЙ

 


1974 оны өлзийт намар тал нутгийн эрчит салхи эртний Османы нийслэлд шуургалан дэгдэв. Тэнд, Туркийн Стамбулд дэлхийн чөлөөт бөхийн шилдгүүд аваргаа шалгаруулж, ЗХУ, АНУ, Турк, Иран, Болгар, Япон... зэрэг 30 орчим орны 170 гаруй хүчтэн ур, бяр, ухаан бодлоо уралдуулан хүч үзсэн бөгөөд Монголын бөх Зэвэгийн Ойдов дэлхийн аварга болов. Чөлөөт бөхийн төрлөөр Монголын анхны аварга мэндлэв. 

Билгийн дөрвөн улирлын хэмнэл, хөдөлгөөн дунд түүхийн лугшсан халуун алга өвгөн Орхоны хөндийг өгсөж уруудаж, уйлж дуулж, гуниж баярлаж, догширч зөөлөрч эрийн цээнд хүрсэн, Баянхонгорын барилгын ТМС-ийн багш Ц.Бямбаагийн унаган шавь,  26 настай, ер бусын шөрмөслөг, идэр жавхлант энэ монгол холын Стамбул хотноо чухам ямархан ялалт байгуулж олныг бишрүүлсэн гэж сананам. 

Болгарын алдарт бөх, дэлхийн аварга Дончо Жековыг оноогоор, Югославын аварга Александр Иорданов, БНАГУ-ын бөх, дэлхийн аваргын мөнгөн медальт Хайнц Штар, АНУ-ын аварга Жеймс Хэмфри, ХБНГУ-ын аварга Эдвард Гирэ нарыг цэвэр ялж тэргүүн байр булаалдахаар дэвжээний эзэн Туркийн бөх, олимпын мөнгөн медальт Вехти Акдатай шалгарч үлдэв. 

-За, Ойдов оо, урьд нь чи зөвхөн учраатайгаа барилдаж байсан бол одоо өрсөлдөгчөөсөө гадна шүүгчтэй барилдах нь. Үзэгч, ард түмэнтэй барилдах нь. Гарцаагүй цэвэр дарахгүй бол, цэвэр ялахгүй бол чи аварга болж чадахгүй шүү гэж Данзандаржаагийн Сэрээтэр гавьяат дэвжээнд гарахад нь хэлсэн байдаг. 

Барилдаан эхэлж, хоёр хүчтэн чухам л "сүн далайг цалгитал сүмбэр уулыг доргитол” тулалдаж манай бөх Актаг даралтад оруулсан ч шүүгч оноо өгдөггүй, ялалт өгдөггүй. 20 секунд... 30 секунд... 50 секунд... тэр хооронд Ойдов өчнөөн юм бодоод амжиж. Би ямар урьд нь нэг бөхийг чанга хаяж байсан биш. Нэг шүүгчтэй маргаж, ам зөрж байсан биш. Яалаа гэж энэ вэ?!... бүр 81 секунд дарсны эцэст сая нэг шүүгчийн шүгэл дуугарч, цэвэр ялалт өгөв. Ийнхүү дэлхийд түрүүлэв. БНМАУ-аа тунхагласны 50 жилийн ойн босгон дээр дэлхийн аваргын алтан бүс гардав.

1974 оны тархин дээр нэг ийм зүйл болсон байдаг. Тухайн үед социалист уралдаанд үүрэг, амлалт авдаг байж. Тэр бол маш том шахаа, том даваа. Бөхчүүдийн хувьд оролцох тэмцээн уралдаанаа жагсааж бичээд "Интернационал” тэмцээнд 3-т орно, Дан-Коловын тэмцээнд 2-т орно гэдэг ч юм уу, өөрийн боломжийг харгалзан амлалт авна. Авсан үүрэг, амлалтаа биелүүлэхгүй бол бангадуулна, донгодуулна. Хариуцлага хүлээнэ. 

"Үүрэг амлалтын хурал”-д хоцорч ирсэн З.Ойдовыг Шигшээгийн дасгалжуулагч Жигжидийн Мөнхбат аварга загнаж, бичгийн цаас өгөөд "Үүн дээр социалист уралдааны үүрэг амлалтаа гурав, дөрөвхөн үгээр хурдан бич” гэхэд мань эр тэр дор нь "Орсон бүх тэмцээндээ түрүүлнэ” гэж бичээд өгч. 

-Энэ чинь юу гэж байгаа юм бэ?

-Та амлалтаа гурав дөрвөн үгээр бич гээ биз дээ?

-Нөхөөр, ингэж болохгүй ээ. "1-3 дугаар байрт орно” гэж засуулж бичүүлээд авчээ. 

З.Ойдов тэр жил дэлхийн аварга болно гэдэгтээ дүүрэн итгэлтэй байсныг үүнээс харж болох. Мөн Турк руу мордохдоо "Ах нь дэлхийн аварга болоод ирнэ. Амьтан хүн дайлж цайлах айраг цагаа ахиухан бэлдээд байж байгаарай” гэж З.Дүвчин дүүдээ хэлж захьсан байдаг. 

...Стамбулын дуулианы туурайн чимээ холдож амжаагүй байхад буюу дараа жил нь З.Ойдов гавьяат "Минск-1975” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр дахиад л шуугиан дэгдээж ЗХУ-ын Б.Базаев, Францын Теодюль, БНАГУ-ын Штурмер, Болгарын Дончо Жеков, БНСУ-ын Ян Жун Мо нарыг ялж магнайлан аваргын алтан медалиа ихэрлүүлж орхих нь тэр. Дэнж толгодын хүү дэлхийн хошой манлай болов. 

Дэлхийд гурван жил босоо байсан "орос домог”, 1972 оны олимпийн аварга, 1971, 1973 оны дэлхийн аварга Загалав Абдулбеков тэмцээн эхлэхийн өмнө "62 кг-ын жин бий болсноос хойш капиталист орны бөхөд түрүүгээ алдаж байгаагүй. Чи энэ жил заавал түрүүлнэ шүү” гэж үүрэг өгсөн гэж байгаа. З.Ойдов аваргын шилэн хүзүүний шөрмөс үе үе татчихаад жаахан хэцүү байгаагаа хэлэхэд "Хүзүү чинь өвдсөн болохоос хугарсан биш” гэж загнасан гэж байгаа.  

Онцлоход, монголчуудын түүхэндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол "Минск-1975” буй за.

Онцлоход, тэнд манай хүчирхэг эрс хоёр алт (З.Ойдов, Х.Баянмөнх), нэг мөнгөн (Ц.Нацагдоржмедаль хүртсэн үнэмлэхүй амжилт өнөөг болтол эвдэгдээгүй байгаа буй за. 

Дэлхийн хошой аварга Ойдовыг ямархан чанга сэтгэл зүйтэй эр болох тухай хийгээд дэвжээн дээр өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг хатуу ширүүн дайралтаар хэзээ ч зад цохидоггүй тухай, хэнийг ч хүчээр нугачин дардаггүй тухай үеийнхэн нь ярьдаг. 

Тэрбээр учраагийнхаа биед аяархан хүрч аясыг нь дагаж байснаа гэнэт л хуурнин шуугиж, санаачилгыг гартаа авч угсраа олон мэхээр сэхээ, самбаа өгөлгүй дайлж өгдөг байсан гэнэм. Хавирна, хавсарна, дэгээднэ, өсгийднө, өлмийднө, болохгүй бол тохно, баруун, зүүн хөлийн аль нэгэнд суух юм уу, эсвэл давуулаад гуядна. Тонгорох барьцгүй атлаа тонгорно. Санаанд орох аргагүй юмс дараа дараагаараа ирнэ. Аюул хаанаас нүүрлэхийг ойлгохоо байж, баримжаагаа алдсан өрсөлдөгч нь сандран тэвдэж, алдаа эндлийг цувуулсаар ялагдах. 

Зүйрлэвэл, түүний барилдах нь эгээтэй л мөсөн чихэр хүлхэх мэт ээ. Учраадаа халгаатай хатуу ч, үзэгчдийн сэтгэлийн шүлсийг асгаруулсан дэндүү амттай, тансаг. "Монреал-1976” зуны олимпын мөнгөн медальт, БНМАУ-ын Спортын гавьяат мастер, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай тамирчин, золбоолог энэ монгол шиг өөрийн хийдэг, өрсөлдөгчийнхөө толгойг уургалсан байдлаас хөлд ордог дархан мэхээ "ойдовдох” нэрээр Дэлхийн бөхийн холбоонд данслуулж чадсан хүчтэнийг халхын хавтгайгаас хайгаад хэн ч үл олном...

Эгшиглэнт, ариун дагшин уст Орхон мөрний хөвөөнд төрж, хөндийнх нь салхийг үймлүүлж өссөн хүн хийморьтой, өнгө жавхаалаг явахгүй гээд ер яанам билээ. 

 

Ц.ГАЛБАДРАХ

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх