Америкийн кино компани Чингис хааны тухай олон ангит киног сонирхож эхэлжээ

"Хан" түүхэн цуврал киног продюсер Александр Роднянскийн AR Content компани хийнэ гэдгээ зарлалаа. Төслийн хөтлөгчөөр "Анархийн хөвгүүд", "Өндөр шилтгээн дэх хүн", "Утас" олон ангит киногоор алдартай Крис Коллинз, хамтрагч продюсераар "Хэтфилд ба Маккой" ба "Санал" телевизийн цувралаар алдартай Лесли Грайф нар ажиллана. Fох Entertainment корпораци уг төслийг сонирхож,  хамтарч ажиллахаар болжээ. Телевизийн эрхийг АНУ худалдаж авах тухай хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг тодруулаагүй байна. Дэлхийн томоохон хэвлэлүүд энэ гэрээний талаар бичжээ. 

Америкийн кино компани Чингис хааны тухай олон ангит киног сонирхож эхэлжээ

 

Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, түүний дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөний тухай цуврал киног Америкийн судлаач Жек Уэзерфордын "Чингис хаан ба орчин үеийн ертөнцийн үүсэл" бестселлер зохиолоос сэдэвлэн бүтээх юм. Найруулагчаар 2008 онд "Монгол" киногоор Оскарт нэр дэвшсэн Сергей Бодров ажиллана.

-Fox Entertainment-тай хийсэн гэрээ нь уг төслийг Америкийн үзэгчдэд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчдэд хүрэх боломжийг олгодог. "Хан" цуврал нь эрх мэдэл, мөнгөний төлөөх тэмцэл, харгислал,  шударга ёсны тухай, атаархал ба явуулга, урвалт ба хайр, нөхөрлөл ба жинхэнэ мөрөөдлийн тухай, нэг үгээр хэлбэл, хүн бүрийн амьдралд тохиолдох сонголтын тухай юм. Тэр тусмаа дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн домогт Чингис хааны тухай өгүүлнэ. Fox Entertainment болон миний хамтран зүтгэгчид болох Крис Коллинз, Лесли Грейф, Сергей Бодров нартай хамтран ажиллах нь гайхалтай том, амбицтай төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгоно гэдэгт би итгэлтэй байна гэж продюсер Александр Роднянский хэлэв. 

Төслийг боловсруулалтын  шатан дээрээ явж байгаа тул сериал хэзээ гарах, хэн тоглох нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх