Энэтхэгийн зохиолчийн "Индра Ганди-Захирах зөн" номыг монгол хэлээр хөрвүүлжээ

Танхимд ороход хэвлэлтээс гараад удаагүй содон, сонирхолтой утга агуулга бүхий Энэтхэгийн зохиолч Наяантра Сахгалын "Индра Ганди-Захирах зөн” гэсэн ном өрөөстэй байлаа. Тус бүтээлийг Отгонтэнгэр их сургуулийн багш нар монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдад хүргэж байгаа бөгөөд, өнөөдөр номын нээлт болов.

Нээлтэд тус номыг орчуулахад оролцсон хүмүүс болон уншигчид хүрэлцэн ирсэн байлаа.

Энэтхэгийн зохиолчийн "Индра Ганди-Захирах зөн" номыг монгол хэлээр хөрвүүлжээ

 

 

Энэтхэгийн алдартай улс төрч эмэгтэй Индра Гандийн намтар түүх, алдаа оноог өгүүлсэн энэхүү бүтээлийг Гавьяат багш, ОТИС-ийн Үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол санаачлан, ерөнхий редактороор ажилласан байна. Тэрбээр номын нээлтийн үеэр "Индра Гандийн улс төр болон хувь хүний амьдралынх нь алдаатай, оноотой түүхийг нь орчуулсан энэхүү зохиолд эмэгтэй улс төрчийн хийсэн бүтээсэн түүх нь гэгээлэг бөгөөд сайхан зам мөрийг үлдээж чадсан. Ямар их зовлон бэрхшээлийг туулж амжилтад хүрснийг нь Индра Гандийн намтар түүх харуулж байна” гэлээ. Тус номын Төслийн багт Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль, Англи хэлний тэнхим, Сэтгүүлзүй-Олон улсын харилцааны тэнхимийн багш нар ажилласан байна. Бүтээлийн редактораар Гавьяат багш Б.Галиндэв, С.Одхүү, хэл шинжлэлийн  орчуулгад Отгонтэнгэр Их сургуулийн гадаад харилцааны дарга Хосбаяр, тус сургуулийн англи хэлний тэнхимийн багш Эрдэнэтуяа нар ажилласан байна. Орчуулгын багт англи хэлний болон нийгэм улс төрийн суурьтай багш эрдэмтэд болон Отгонтэнгэр сургуулийн шилдэг төгсөгч залуу багш нар оролцжээ. Энэ үеэр номын редактор философийн ухааны доктор, профессор С.Одхүү  "Ном бүтээнэ гэдэг бол хамгийн сайхан ажил. Энэ сайхан номын монгол хэл дээр анхлан уншсан уншихад их сайхан санагдаж байсан. Зарим газар нь уйтгар гуниг төрмөөр, бахармаар санагдаж байсан. Түүний амьдралын 1966-1975 оныг амжилтын 10 жил гэж тэмдэглэдэг. Энэ талаар тухайн үеийн Мэдээлэл харилцааны сайд нь "Ганди бол  10 жилийн дотор 1000 жилийн ажил амжуулсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Эмэгтэй хүний хувьд маш өрөвдмөөр амьдралтай, гэр бүл, нөхөр, үр хүүхдээ золиослосон. Үнэний төлөө, эрх чөлөөний төлөө тэмцсэн эмэгтэй” гэсэн юм.

Харин бүтээлийн редактораар ажилласан  гавьяат багш Б.Галиндэв "Дэлхийн даяаршиж байгаа улсуудын нэг бол Монгол Улс. Манай залуучууд дэлхийн хүн болно гэсэн мөрөөдлөөр жигүүрлэж сурч, хөдөлмөрлөж байгаа нь ахмад үеийнхний талархлыг хүлээж байна. Дэлхийн хүн болохын тулд дэлхийтэй танилцах хэрэгтэй.Дэлхийтэй танилцах дөт арга бол дэлхийн улс орнуудаас тодорч гарсан түүхэн хүмүүсийн намтар, намтарчилсан бүтээлийг унших хэрэгтэй” хэмээлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх