МОНГОЛЫН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, ЭКСПОРТЫН ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
47 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй уг үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. Үзэсгэлэнд оролцогч компанийн төлөөлөл сэтгэгдлээ хуваалцсанаас хүргэе.
"Миний ээж” ХХК-ийн захирал Б.Даваасүрэн:
-"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэнд анх удаа орж байна. Намайг "Органик Монгол” компаниас урьж үзэсгэлэнд оруулж байгаа. Өргөн дэлгэр худалдаа болдог юм байна. Миний хувьд 14 жилийн турш чацарганаа тариад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ч үзэсгэлэн, худалдаануудаас хоцроод байсан. "Органик Монгол” компаниас санал ирэхэд би маш их баярласан. Анхны өдөр гэхэд гүйлгээ сайн байлаа. Бусад улс орны зарим бараатай танилцлаа. Гурван өдрийн турш үзэсгэлэн дэлгэх болохоор бүгдтэй нь танилцаж амжих байх. Хүмүүсийг ч гэсэн энд ирээд боломжоос суралцаасай гэж хүсэж байна.
ОХУ-ын Тюмень хотоос ирсэн бизнесмен Владимир Бакур:
-Би хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, тэр дундаа бороожуулагч, шингэн бордоо цацагч төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн ажилтан байна. Манай компани 25 жилийн туршлагатай. Тоног төхөөрөмжөөс гадна хөдөө аж ахуйн зориулалтын хуванцар сав үйлдвэрлэдэг. Бид ОХУ, Казакстанд болсон олон улсын үзэсгэлэнд байнга оролцдог. Харин Монголд анх удаа оролцож байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн компаниудтай хамтран ажиллах болон экспортын гэрээ хэлцэл байгуулах байх гэсэн хүлээлттэйгээр ирсэн.
"Only one” брэндийн Т.Энхтөр:
-Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцсоноор найдвартай, албан ёсны сувгаар харилцаа холбоо тогтоох, харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах боломж нээгдэж, суурь тавигдах учир бид "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэнд оролцож байна. Үзэсгэлэнд Малайз, Тайванийн компаниуд урьд өмнөх үзэсгэлэнд оролцсон туршлагатай. Тэдгээр компаниуд Монголын зах зээлийн судалгааг хийж, дутуу дулимаг байгааг нөхөх байдлаар бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй юм. Мөн манайхаас өөрийн улсын зах зээл дэх дутууг нөхөх судалгааг ч хийдэг. Энэ утгаараа харилцан түншлэлийн боломж гэж харж болох юм. Бүх цаг үед өгөөжөө өгсөн өндөр өгөөжтэй үзэсгэлэн гэж тодотгомоор байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож буй юм. "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн "Мишээл экспо” төвд есдүгээр сарын 25-ыг дуустал үргэлжилнэ.