Харин Улаанбаатар хотын хувьд 1.6 сая хүн амтай, өдөрт дунджаар 440-460 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, давхардсан тоогоор өдөрт автомашины 2.9 сая орчим зорчилт бүртгэгдэж байна. Иргэдийн автомашинаар зорчиж буйн үндсэн шалтгаануудад ажилдаа явах, гэртээ харихаас гадна сургууль, цэцэрлэг рүү чиглэсэн хөдөлгөөн, худалдаа, үйлчилгээний төв орох, төрийн үйлчилгээ авах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг зорих зэрэг багтдаг аж. Тиймээс уулзалт хийж буй талууд түгжрэл нь маш олон хүчин зүйлээс бүрдсэн цогц асуудал гэдгийг тодотгож, иргэд машинаар явах сонголт хийж буйн шалтгаан, машинаар явах эрэлт, хэрэгцээг судлан, түүнд чиглэсэн ажил хийж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александр нь Японы Киотогийн их сургуульд Тээврийн математик загварчлалаар докторын зэрэг хамгаалж, Япон, Голланд, Нидерланд, АНУ зэрэг улсад зам тээвэр, хот төлөвлөлтийн төслүүдэд ажиллаж байсан юм. Өдгөө тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Өмнөд бүсийн зам тээврийг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төслийг удирдан ажиллаж байна.