Монгол Улсын Засгийн газар 2023 оныг "Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагаа”-г хэрэгжүүлж буй. Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байна. "Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Оргон зайлсан хүмүүсийн тоо 18-аар нэмэгдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлж байна. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг хуралдаанаас өгчээ. Оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ.