Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн ажиллаж байна


Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн ажиллаж байна
Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн ажиллаж байна

Үүний улмаас өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, бусад холбогдох албаны нийт 397 ажилтан, алба хаагч усыг соруулан шуудуу, далан татан ажиллалаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 526 иргэн, 306 орчим автомашиныг орц гарц хаагдсан байрнуудаас гарган аюулгүй болгож, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажилласан байна.
Харин өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Үргэлжилэн орсон борооны улмаас Сэлбэ гол далангаа даван хальж, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн "Улаанбаатар Буян” компанийн байрлаж буй хэсэг усанд автсан байна. Тэр дундаа Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ голын зүүн талын хэсэгт байрлах 30 гаруй орон сууцны барилгын зоорийн давхар бүхэлдээ усанд автаж, Онцгой байдлын байгууллагаас 01:00 цагаас эхлэн тухайн байршилд амьдардаг оршин суугчдад сэрэмжлүүлэг мэдээг хүргэж, зоорийн давхарт байсан авто машинуудыг татан гаргах ажиллагааг зохион байгуулсан. Одоогийн байдлаар Нийслэлийн холбогдох байгууллагуудын 240 гаруй ажилтан, албан хаагч 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр далангийн суваг шуудууг өргөтгөх, үерийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авч байна.
Цаашид Улаанбаатар хот орчимд бороо үргэлжлэн орох бөгөөд дээрх голуудын усны түвшин дахин нэмэгдэх тул голуудын сав дагуу суурьшиж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт зугаалгаар яваа иргэд болзошгүй үер, усны аюулаас сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх