Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны улсын төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож буй.
1. Дулааны станцыг өргөтгөх ( Сайншанд сум)
2. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барих
3. Хамарын хийдийн гурван замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 22 км автозам барих
4. Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх, хэрэглээний халуун усны шугамыг шинээр хийх
5. Хатанбулаг-Ханги чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам
6. 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга (Даланжаргалан сум)
7. 200 суудалтай соёлын төвийн барилга ( Дэлгэрэх сум)
8. Соёлын төвийн барилга (Эрдэнэ сум)
9. Политехник коллежийн барилгын зураг төсөв
10. Шүүхийн шинжилгээний албаны барилга барих ажлыг ирэх онд хийх шаардлагатай гэдэгт уулзалтад ирсэн иргэдийн төлөөлөл санал нэгдлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулт өглөө. Аймгийн иргэдийн эрэмбэлсэн бүтээн байгуулалтыг ирэх онд улсын төсөвт тусгана гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Иргэдийн санал хэлсэнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрхны асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, улсын тусгай хэрэгцээнд авна гэв. Мөн Замын-Үүдийн жолооч нарын тээвэрт үүссэн асуудалд ажлын хэсэг ажиллаж, нэг сарын дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Малчдын талаар төрөөс баримтлах цогц бодлогыг боловсруулж байгаа, малчдын төлөөллийг Парламентад оруулахаар зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв.