Багануур дүүргийн ахмадууд цалин тэтгэврийн нэмэгдэлд баяртай байгаагаа илэрхийлэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох уулзалт арга хэмжээг өчигдөр нийслэлийн алслагдмал гурван дүүрэгт зохион байгуулсны нэг нь Багануур дүүрэг юм. 

Багануур дүүрэгт хийсэн уулзалтыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж, төрөөс хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар товчхон мэдээлэл өгсөн. 

Уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон яамны холбогдох газрын дарга, харьяа байгууллагын удирдлагууд оролцож Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Иргэдийн зүгээс Монгол Улсын Засгийн газар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах тал дээр дорвитой шийдэл гаргаж, түүнийг нь Улсын Их Хурал батлан хэрэгжүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн. 

uploaded picture
 

Нүүрсний томоохон орд, уурхайтай нь тус дүүргийн онцлог. Тиймээс газрын гүнд ажилласныг хүнд нөхцөлд ажилласнаар тооцдог хуулийн заалт хэвээр үргэлжлэх эсэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох болон тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой асуултыг түлхүү асуусан. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын удирдлагууд эрх зүйн зохицуулалтыг жишээ бүр дээр ойлгомжтой тайлбарлаж, зарим иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх