Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадамд 6 насны нийт 660 гаруй морьд уралдаж, төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөлөө.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа

 

Адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд нийт 134 азарга уралдсанаас Булган аймгийн Гурванбулаг сумын уяач С.Гал-Эрдэнийн нандин хонгор азарга түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгондагвын хүрэн азарга аман хүзүүдэж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн халзан азарга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Ч.Батжаргалын Зээрэн зээрд азарга, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Ууганбаярын хүрэн азарга тус тус айрагдаж, наадамчин түмнээ баясгалаа.
Их насны морьдын уралдаанд нийт 191 хурдан хүлэг шандасаа сорьсоноос Ховд аймгийн Чандмань сумын Манлай уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүүлж, Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн дөлгөөн халтар морь аман хүзүүдэж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын П.Батсайханы буган халиун, Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хул халзан,
Нийслэлийн Налайх дүүргийн Ц.Даваагийн хээр морь тус тус айрагдаж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.
Соёолон насны морьдын уралдаанд нийт 152 соёолон хурдалснаас Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөхбатын хүрэн, аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул "АПУ" ХХК-ийн захирал Пүрэвийн Батсайханы Тогоруу халзан, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Улсын Алдарт уяач Намсрайжавын Зоригтын загал, айргийн тавд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Шонхорын Доржрагчаагийн буган хээр хурдаллаа.
Хязаалан насны морины уралдаанд 156 хурдан үрээ тоосоо өргөснөөс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хээр үрээ түрүү магнайд хурдалсан бол Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ аман хүзүүдэж торгон жолоогоо өргүүллээ.
Мөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор хязаалан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ, Хэнтий аймгийн Норовлин сумын Нямновын Мөнхийн бор халзан үрээ, тус тус айрагдсан юм.
Шүдлэн насны морины уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хул үрээ магнайлж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат МУАУ Г.Мөнхсайханы уясан хар үрээ аман хүзүүдсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Т.Баярхүүгийн хээр үрээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Ч.Батжаргалын хонгор халзан үрээ тус тус айрагдлаа.
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд нийт 201 даага уралдсанаас Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даага магнайлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Б.Одсүрэнгийн таван хээр даага аман хүзүүдлээ.
Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Ж.Намнанпэлжирийн хээр даага, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Г.Гантулгын сартай хээр даага Хөвсгөлийн Ар булгийн Э.Түмэн-Одын бор даага айргийн тавд хурдалж, уясан эзэн унасан хүүхэд, хурсан олныг баясгасан юм.
Үндэсний их баяр наадмын дааган насны уралдааны "баян ходоод"-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, уяач Төмөрбаатарын Галбадрахын цавьдар даага удааллаа.
Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай байх болтугай.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх