Улс төрд эмэгтэйчүүд оролцсоноор авлига буурдаг

Улс төрд эмэгтэйчүүд оролцсоноор авлига буурдаг

Ц.ЭРДЭМ

Эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх квотоо биелүүлэхийн тулд улс орнууд төрөл бүрийн стратеги боловсруулан ажиллаж байна. Бээжингийн тунхаглалаар 30 квотод хүрсэн улсын тоо 1995 онд тав байсан бол 2015 он хүртэлх 20 жилийн хугацаанд 43 болтлоо нэмэгджээ. Манай улс саяхан шинэчлэн баталсан Сонгуулийн шинэ хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хүртэл хувь болгож 10 хувиар нэмэгдүүлсэн гэх боловч сонгуулийн системийг хуульд нийцсэн эсэхийг судалж үзэхэд өмнөх хуулиасаа ухарсан мэт. Энэ нь аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд дахь жендерийн квотыг хүчингүй болгосон явдлыг сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй эмэгтэйчүүдийн хувьд томоохон ухралт боллоо гэж нийт эмэгтэйчүүд үзэж байна. Олон нийтэд танигдаагүй, суралцах боломж бололцоо хомс ч сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй хүмүүст сонгуулийн систем нөлөөлж байна. Энэ байдал судалгааны явцад тухайлбал, Ховд аймаг дахь намын эмэгтэй гишүүдтэй ярилцахад тэдний зарим нь сонгуулийн нэр томьёоны талаар бүрэн дүүрэн ойлголтгүй байсан. Зарим хүн квот гэхээр сонгуулийн системтэй холбоотой гэж ойлгон нэр дэвшигчид намын жагсаалтаас сонгогддог пропорционал системийн тухай ярьж байв. Улс төрийн систем болон шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой нөлөө бодит оролцоог нэмэгдүүлэх нь төлөөллийн ардчилал бий болгоход чухал үүрэгтэй. 2012 оны сонгуулиар УИХ-д суух эмэгтэй гишүүдийн тоо гурав дахин нэмэгдсэн боловч парламентын сонгуульд санал өгсөн эмэгтэйчүүдийн тоо бараг хоёр дахин буурчээ. Намууд жендэрийн квотдоо хүрэх шаардлагаар эмэгтэй нэр дэвшигчдийн нэрийг жагсаалтын сүүлд оруулах хандлагатай.

 

Уламжлалт соёлын хандлага, санхүүгийн хараат байдал эмэгтэйчүүд улс төрд ахихад саад болдог

Хүйсээр ялгаварлан гадуурхах уламжлалт хандлага одоо хэрэгжиж буй жагсаалтаар сонгох сонгуулийн системд нөлөөлж нэр дэвшигчдийг сонгох үйл явцыг хайхрамжгүй болгож буй нь эмэгтэй нэр дэвшигчдэд бэрхшээл сорилтуудыг үүсгэж байгаа юм. Гэр дотор суух эрэмбэ болон хоолны дээжээ гэрийн эзэнд барих зэрэг соёлын уламжлал нь сонгуулийн сурталчилгааны үеэр эрэгтэйчүүдэд давуу эрх олгох хандлагыг бий болгодог. "Эр хүн муу ч эмийн дээр”, " Эмэгтэй хүн ус нь урт ч ухаан нь богино” гэх мэт сэтгэлгээ байсаар байгаа нь эмэгтэйчүүд Монголын улс төрд амжилт гаргахад саад болж энэ мэт бусад бэрхшээлийг даван туулах шийдэлд хүрэх нь чухал байна. БНОУХ-ээс хийсэн судалгааар эмэгтэйчүүд төрийн байгууллага юм уу хөдөө аж ахуйн салбарт өөрсдийгөө сурталчилан таниулах боломж хязгаарлагдмал тул тус салбарт ажиллахаас авахуулаад удирдах албан тушаалд нэр дэвшихэд төрөл бүрийн бэрхшээл үүсдэг гэжээ. Тухайлбал, эрэгтэй эмэгтэй нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлын хүрээнд айлуудаар орох, телевизэд ярилцлага өгөх үед эрэгтэйг нь эхэлж суулгаад дараа эмэгтэйг суулгадаг. Энэ нь эмэгтэйчүүдийг чухалчилж үзэхгүй байгааг харуулж байдаг. Энэ хандлага эмэгтэйчүүдийг өөртөө итгэх итгэлийг бууруулж сонгуульд өрсөлдөхөд бэлэн эсэхдээ эргэлзэхэд хүргэдэг хэмээн эмэгтэйчүүд хэлдэг. Нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн санхүүжилт том асуудал боловч хязгаарлагдмал нөөцтэй эмэгтэйчүүдэд илүү хүнд асуудал болдог. Ийм тохиолдолд бага цалинтай, банкнаас зээл авах шаардлагатай эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй эрэгтэйчүүдтэй өрсөлддөг. Иймээс эмэгтэйчүүд нам доторх лобби бүлгүүдэд нэгдэж намын удирдлагад таалагдах жагсаалтад бичигдэх шаардлага гардаг ажээ. Улсын хэмжээнд сонгуульд танил тал ихтэй, санхүүгийн боломжтой эрэгтэй нэр дэвшигчид ялах магадлал өндөр байдаг гэж Фокус бүлгийн судалгаа, эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагад дурьдагджээ.

Эмэгтэйчүүд улс төрд оролцсоноор авлигыг бууруулдаг

Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх нь эдийн засгийн ач холбогдолтойг McKinsye судалгаа харуулдаг аж. Улс төрийн шийдвэр гаргах төвшинд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангасан хөгжиж буй орнуудад ядуурлын төвшин бага, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өндөр байдаг. Дэлхийн Банкны хөгжлийн судалгаанд парламент дахь эмэгтэйчүүдийн тоо найман хувиар өсөхөд авлигын төвшин 20 хувиар бурна хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн улсынхаа нийт эмэгтэйчүүдийг төлөөлөх тооны эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд ажиллахад Засгийн газар нь хуулийн дагуу, ёс зүйтэй ажилладаг нь харагджээ.

Улс төрийн намууд эмэгтэйчүүдийг арын албанд үлдээх сонирхолтой

Улс төрийн намууд нь улс төрд оролцох хэлбэр, цар хүрээг тодорхойлж хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Манайд хоёр том нам хууль тогтоох дээд байгууллагад дийлэнх суудлыг эзэлдэг. Ийм эрх мэдэлтэй хоёр нам эмэгтэйчүүдийг сонгуульд өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлэхгүй бол тэд улс төрд орох боломж хомс юм. Аймгийн түвшний сонгуульд өрсөлдөхөд нөөц бололцоо их шаардагдах тул эмэгтэйчүүд бараг харагддаггүй. Намын эрэгтэй гишүүд нэр дэвших эрх олж авахад тэдний улс орноо гэсэн зүтгэл бус нам доторх холбоо, намын даргын талд байх нь илүү чухал гэж эмэгтэйчүүд хэлдэг. Сонгууль амжилттай явагдах бүх арын албаны ажлыг эмэгтэйчүүд хийж харин эрэгтэйчүүд ялалт байгуулаад явж байдаг тухай Дархан хотын оролцогч хэлжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд аливаа бичиг цаас эмхлэх, мөнгөний зарцуулалт, хэмнэлт, зохион байгуулах ажил, аливаа маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулах , шийдвэр гаргах чадвараар эрэгтэйчүүдээс илүү байдаг. Энэ давуу байдлыг эрэгтэйчүүд, намын дарга нар илүү олж хардаг ч гэсэн тэднийг дэмжих тухайд хойргобайна.

 

 

 ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх