Аялалд мөнгө харамгүй зардаг улсуудыг Хятад тэргүүлжээ

Аялалд мөнгө харамгүй зардаг улсуудыг Хятад тэргүүлжээ

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас жил бүр гаргадаг санхүүгийн тайланд иргэд нь гадагшаа аялж зугаалахад мөнгө харамгүй зориулдаг улс орнуудын жагсаалтыг багтаажээ. Эл жагсаалтыг энэ удаа Хятад тэргүүлсэн байна. Тэдний араас АНУ болон Герман оржээ. Санхүүгийн тайланд дурдсанаар 2015 онд дэлхий нийтээр аялал жуулчлалын бизнесийн орлого 3,6 хувиар өсч 1,4 их наяд ам.долларт хүрсэн байна. Орлого гэдэгт мэдээж хэрэг зочид буудал, арилжаа наймааныхны жуулчдаас олж буй ашиг орж байгаа. Ялангуяа бэлэг дурсгалын зүйлс, зугаа цэнгээний газрынхны ашиг орлого өмнөх жилүүдээс илүү байсан гэнэ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд жуулчдын очих дуртай газар, аяллын чиглэлийн талаар ч тусгадаг. Өнгөрсөн жилийн хувьд жуулчдын очих дуртай газрын тоонд АНУ, Хятад, Испани болон Франц оржээ. Эдгээр улсууд өмнөх жилүүдэд ч жуулчдыг татдаг аяллын чиглэлд тооцогдож байсан юм. Мөн энэ удаа Карибын тэнгисийн эрэг хавийн улс орнууд, Төв болон Өмнөд Америкт үзэх зүйл арвин гэдгээрээ жуулчдаас олдог орлого өндөртэй газрын тоонд оржээ.

Харин ийш тийш аялж зугаалахад мөнгө харамгүй зардаг үндэстнийг хятадууд тэргүүлжээ. Тэдний гадагшаа жуулчлалд зарсан хөрөнгө 2015 онд өмнөх жилийнхээс 25 хувиар нэмэгдэж 292 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн дүн байна. Америкчуудын хувьд 120 орчим тэрбум ам.доллар зарсан нь 2014 онтой харьцуулахад 9,0 хувиар өсчээ. Хятад болон америкчуудын араас жагссан немцүүдийн жуулчлалд зарсан мөнгө 76 тэрбум. Энэ нь өмнөх жилийнхээс ялимгүй буурсан дүн гэнэ. Гэхдээ энэ нь жуулчны тоо буурсан гэсэн үг биш. Харин өнгөрсөн онд доллартйа харьцах еврогийн ханш суларсантай холбоотой байж. Англичуудын хувьд өнгөрсөн онд 63 тэрбумаар аялж зугаалсан бол францууд гадны улс орон үзэхэд 38 тэрбум ам.доллартйа тэнцэх хөрөнгөө зориулжээ. Манай хойд хөршийнхөн аялал жуулчлалд зардаг мөнгөнийхөө тоогоор дэлхийд зургаад жагсчээ. Тэд гадаадад аялахад 35 тэрбум ам.доллар зарлагадсан байна.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх