Найдвартай турах таван арга

Найдвартай турах таван арга

Урин дулаан болж хөнгөн нимгэн хувцсандаа орсон бүсгүйчүүд төдийгүй мяраалаг эрчүүд ч турах тухай өөр бусад улирлаас илүүтэй бодож эхэлдэг. Хэдийгээр идэхээ багасга, хөдөлгөөнөө ихэсгэ хэмээн хүн бүр хэлж чадах ч түүний үрээр богино хугацаанд үр дүнтэй турахын тулд чамгүй их тэвчээр хатуужил бас цаг зав зарна. Гэтэл турахад тус болох шинжлэх ухаанаар батлагдсан таван арга гэж бий гэнэ.

1.Хүнсээ авахдаа бэлэн мөнгөөр тооцоо хий

Корнелийн их сургуулийн эрдэмтэд бэлэн мөнгөөр тооцоо хийх, картаар худалдаа хийх хоёрт чухал нэгэн ялгаа бийг тогтоожээ. Хэтэвчиндээ байгаа мөнгөөр хүнс худалдаж авахаар орсон хэн ч байсан авах гэж буй зүйлээ маш нарийн үзэж шалгаж авдаг. Ингэхдээ илүү эрүүл, өөрт ашигтайг сонгодог гэдгийг судлаачид орон нутгийн дунд сургуулийн 2314 сурагч дээр явуулсан туршилтаар баталжээ. Сургуулийн цайны газар, ойролцоохь мухлагт зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг сургуулийн хүүхдүүдийн 42 хувь нь өөрт хэрэгтэй идэх юм авч байж. Тэд чихэр зэрэгт бараг л мөнгө үрдэггүй. Харин эцэг эх нь урьдчилаад мөнгө байршуулчихдаг картаар тооцоо хийдэг газрын хүүхдүүдийн 31 хүрэхтэй үгүйтэй хувь нь элдэв амттан биш жимс, эсвэл хоолонд мөнгөө зарж байжээ. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь илүүдэл жинтэй байсныг ч мөн онцолсон байдаг. Яг ийм туршилтыг тэд насанд хүрэгчдийн дунд ч явуулсан байна. Ингэхэд мөн л адилхан үр дүн гарсан гэнэ.

2.Зоогийн газарт орохынхоо өмнө юм ид

Хачирхалтай сонсогдож байна уу. Хоол идэх гэж байж өмнө нь юу ч юм бэ ид гэхээр. Пенсильванийн их сургуулийнхны хийсэн судалгааны үр дүнд турах гэж буй хүмүүс хэн нэгэнтэй хамтдаа тансаг зоогийн газарт оройн хоол идэхээр орох гэж буй бол алим ч юм уу идчихээд орох нь тус болдог гэдгийг баталсан байна. Энэ нь таны хооллох дур хүслийг дарж, амттай хоолноос хяналтгүйгээр ахиухан хүртчихээд жин нэмлээ хэмээн стресст орох зовлонгоос ангижруулах сайн арга гэнэ. Бүр тодорхой хэлбэл, ганц алим идчихээд зоогийн газарт хооллоход тэндээс авах илчлэгийнхээ хэмжээг 20 хувиар багасгаж чадна. Бага санагдаж мэднэ. Гэхдээ бүү чамла. Өдөр бүр зоогийн газарт хооллодог нэгэн нэг удаагийнхаа хоолноос 1128 ккал илчлэг авдаг гэж бодъё. Өдөрт 20 хувиар илчлэгээр багасгаж чадна гэвэл энэ нь жилдээ 12 кг-ыг хасна гэсэн үг.

3.Сайн зажил

АНУ-ын хоол судлалын академиас эрхлэн гаргадаг сэтгүүлд хүн юу ч идэж байсан маш сайн бас удаан зажилж идвэл бага иддэг хэмээн бичжээ. Энэ ч бас эрдэмтдийн судалгаан дээр үндэслэсэн дүгнэлт. Эрүүний хөдөлгөөн удаан тасралтгүй үргэлжлэх нь тархинд очих цадсан гэсэн дохиог тун богино хугацаанд дамжуулж чаддаг. Тиймээс туранхай хүмүүс голдуу хоолоо тун удаан иддэг, нэг үгээр тэд хоолны ширээний ард хэтэрхий их цагаа зориулдаг гэнэ.

4. Үнэрээр цадах

Үнэрлэ, ялангуяа шинэхэн жимс ногоог сайтар үнэрлэх нь турахад нөлөөлдөг гэнэ. Цоо шинэхэн ногоон алим, гадил, лийрийг үнэрлэх нь хоолны дуршлыг дардаг хэмээн эрдэмтэд нотолж байна. Та үүнийг туршаад үзээрэй. Амттай шинэхэн жимс үнэрлэсний дараа бялуу мэтийн нялуун таргалуулах амттан идэх хүсэл төдий л төрөхгүй дээ. Энэ нь өнөө л тархинд очиж буй зөв дохиотой хамаатай юм.

5. Цаг баримтал

Ажлын цагаа ягштал баримтлах тухай хэлж буй юм биш шүү. Хооллох цагаа зөв тохируулах тухай яриа. Хоолыг олдсон дээр нь биш харин биедээ хэрэгтэй цагт идэх ёстой юм. Үүнийг эрдэмтэд мөн л лабораторийн хулганууд дээр туршжээ. 400 хулгана аваад хоёр бүлэгт хувааж. Эхний бүлгийнхнийг хэзээ хүссэн цагтаа идэж байг гээд бөөн хоолон дунд орхиж. Харин нөгөөдүүлийг нь цагаар тэжээсэн байна. Хэсэг хугацааны дараа үзэхэд хүссэн цагтаа хэвэгч хулгануудын жин цагаар хооллодог дэглэмтэй нөхдийнхөөсөө хамаагүй илүү байжээ. Тиймээс хэрэв та өглөө 9:00 цагийн үед цайгаа уудаг бол оройн хоолоо 18:00, бүр амждаггүй юм гэхэд 21:00-оос хэтрүүлэхгүй идэж байх ёстой. Энэ маш сайн хоолны дэглэм болж чадна гэнэ шүү.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх