Цас мөсний эсрэг хүрз, давснаас өөр зэвсэггүй

Цас мөсний эсрэг хүрз, давснаас өөр зэвсэггүй

Хойд хөршийн нийслэл ойрын үед цаг агаар тийм ч таатай биш байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр чамгүй их цас унаж хот тохижилтынхныг амрах завгүй ажиллуулсан тухай телевизийн мэдээгээр гарч байна. Москва хотын захиргаа зам талбайн цас мөсийг унаад даширшчихсан хойно нь биш орж байхад нь зэрэгцээд л цэвэрлэчихдэг бололтой. Өнгөрөгч бямба гаригаас нямд шилжих шөнө 23 цагаас үүрийн таван цаг хүртэл нийслэлийн замын цасыг цэвэрлэх ажилд 7500 тэрэг техник зэрэг гаргасан гэнэ. Цасыг цэвэрлээд зогсоогүй хөлдөхөөс сэргийлсэн бодис цацаж нэг үгээр ням гаригийн өглөө гэхэд Москвагийн гудамжинд цаснаас үүдсэн халтиргаа гулгаа үүсэхээргүй болгож чадсан байна. Цэвэрлэгээний техник гэдэг цас шүүрдэх зориулалтын машинаас эхлээд бага оврын техник, ачааны машин гээд бүхий л төрлийн машин техник байсан аж. Мөн хот тохижуулахынхан, орон сууцны конторынхон хүч нэмэгдүүлэн гарч замын хажуу, явган хүний зам, автобус, трамбайны буудал, меторны станц руу орж гардаг гарц гээд гар хүрч болох бүхийл газрын цас мөсийг хуу цэвэрлэжээ.

Энэ бол ганц нэгхэн удаа хийдэг ажил биш аж. Хэдийд ч цас орсон тэр дор нь цэвэрлэх үүрэгтэй. Цацах давс, хайлуулах бодис нь ч хангалттай хэмжээгээр нөөцөд байдаг аж. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хатуухан шийтгэл ч оноодог бололтой.

Үүнийг сонсоод үнэндээ атаархав. Манайхан ч зүгээр суугаагүй л дээ. Бидний "шар хантаазтнууд” хэмээн онцолдог Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн хэдэн ажилчин хайруу хүйтнийг ч үл тоон замын дагтришиж мөстсөн цасыг цэвэрлэж байгаа харагддаг. Гэхдээ тэдний багаж нь хүрз, царилаас хэтрэхгүй. Эрхбиш овоолоод тавьчихсан цасыг нь ачих унаа өгдөг байх. Түүнээс биш цас орж байхад яваад цэвэрлэх зориулалтын машин байхгүй. Уг нь хот ийм машин худалдаж авсан сураг дуулдаж, төв талбайн цасыг өнгөрсөн хавар цэвэрлэж байхыг нь нэг харсан санагдана. Цас орсон үед цацах элс, давс нь ч тийм элбэг биш байдаг тухай жилийн жилд л ярьдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард байх Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс хэвлэлийн бага хурал хийлгээд өвөл хэрэглэхээр 80 тонн давс, 400 тонн бодис, 100 тонн элс нөөцлөөд байгаа нь лавтайяа 20 удаа орох цаснаас айлтгүй гэж байсан. Үүнийг нь сонсоод гулгаа халтиргаанаас айхгүй байж болох нь л гэж бодож билээ. Мөн тэр үед манайд цас орохдоо ихэвчлэн шуурч, газарт буухаасаа өмнө хөлддөг учраас шууд мөстөлт үүсдэг бөгөөд мөстөх явцыг удаашруулах зорилгоор давс, бодис элс зэргийг хэрэглэдэг гэж байсан. Түүнээс гадна цас хөлдөх явц удааширч нялцгар хэлбэртэй болсон үед нь шуурхай цэвэрлэх учиртай ч манайхны хүч хүрдэггүйгээс хөлдөөж улам ч илүү дагтаршуулж орхидог бололтой юм. Улаанбаатар нэгтгэлийн хувьд нийслэлийн гол замуудыг л хариуцдаг, баруун, зүүн гэж хоёр хуваан зам талбайн 270үйлчлэгч дээрээ инженер техникийн ажилчдаа нэмээд өдөрт 300 гаруй хүн ажиллуулдаг ч хүч хүрдэггүй гэж байсан. Цэвэрлэгээний багаж хэрэгслийн хувьд цас түрэгч, үлээх төхөөрөмж, хүрз, жоотуу, цас цохигч ашигладаг гэх ч хүрэлцээтэй биш. Явган хүний зам дээрх цасыг ногоон байгууламж руу үлдээж зайлуулдаг төхөөрөмж ердөө арав бий. Цас түрэгч гээд байгаа нь ч үнэндээ тоотой хэд л байдаг гэсэн. Харин хүрз, царил бол олдоод байдаг гэнэ билээ. Зам талбайн цас мөсийг арилгах зорилгоор хайлуулах бодис цацдаг ч өнөөх нь өглөө оройны жаварт жиндэж хөлдөөд цацсанаас цацаагүй нь дээр болдог аж. Үүний уршгаар өвлийн гурван сард халтирч унаад бэртэж гэмтсэн хүний тоо өмнөх жилүүдийнхээс буурахааргүй байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хэлж байна. Тэдний дуулгаснаар өдөрт дунджаар 50-60, сард 150-180 хүн халтирч унан хүнд болон маш хүнд гэмтэл авч, тус эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ирдэг байна. Зөвхөн нийслэлд ийм тооны иргэд халтирганаас болж, гэмтэл авч байна гэхээр харамсмаар биш үү. Унаа тэрэгтэй дарга нар халтирч унах вий хэмээн айж явахын зовлонг төдийлөн мэдэхгүй байх. Харин жирийн иргэдэд бол энэ нь өвлийн улирлын нэг аймшиг болоод байгааг эрхэм дарга нарын сонорт дахин нэг дуулгая.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх