Ц.Чинбаяр: Халдвартай иргэн тав хоногийн дараа гадуур гарч болно

ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, хүний гавьяат эмч Ц.Чинбаяр Омикрон хувилбарын үед гэрийн эмчилгээ хэрхэн хийх талаар иргэдэд зөвлөмж өглөө.

Ц.Чинбаяр: Халдвартай иргэн тав хоногийн дараа гадуур гарч болно

 

Тэрбээр "Эрүүл мэндийн яаманд Эмнэлзүйн зөвлөх баг гэж байдаг. Манай зөвлөх багийнхан саяхан ярилцаж эмчилгээ, оношилгооны удирдамжаа шинэчилсэн. Тодруулбал, Омикрон хувилбарын халдвартай байх хугацаа нь харьцангуй богино байгаа. Иймд бид халдвартай иргэдээ заавал 10 хоног биш тав хоног тусгаарлах нь зөв. Харин энэ таван хоногт иргэд хатуу гэрийн хорионд байж, халуун шингэн зүйл сайн ууж, дархлаагаа дэмжин сайн унтаж амрах хэрэгтэй гэж үзсэн. Ингэсэн тохиолдолд харьцангуй халдварын эрсдэлгүй болох юм. Тухайн халдвартай иргэн тав хоногийн хугацаа нь өнгөрсний дараа эрсдэлгүй болсноор гадуур гарч болно. Гэхдээ заавал маск зүүж, зайгаа бариарай гэх өөрчлөлтийг удирдамждаа оруулж байгаа.

Бид хоёр, гуравдугаар тундаа хамрагдсан учир харьцангуй эрсдэл багатай, хүндрэлээс сэргийлэх нотолгоо бидэнд байна. Мөн Омикрон хувилбарын үед  уушгины хатгалгаа болж, амьсгалын дутагдлаар хүндрэх нь бага байна. Үүнд үндэслэж бид иргэдийн эмнэлэгт хэвтэх эрэмбийг өөрчилж байгаа. Эрсдэл багатай, хүндрэл бага байгаа учир иргэдийг тус халдвараас хэтэрхий айж, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Харин түрүүний хэлсэнчлэн хоолойгоо зайлж, шингэн халуун уух зүйлээ ууж, унтаж  амрах нь чухал юм. Хэрэв үнэхээр танд шөнө унтсан ч давчдан, амьсгалж чадахгүй, архаг хууч өвчин сэдрэх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт очиж тусламж авахыг зөвлөж байна. Харин бусад тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу өөрт илрэх шинж тэмдгийг эмчилье, хүлээцтэй байя чиглэл рүү явж байна.

Үүнээс гадна иргэд антибиотик ууж эхэлдэг. Вирусийн халдвар хөнгөн маягаар явж байгаа энэ үед тэгж их эм, антибиотик хэрэглэх нь эргээд бидэнд хор хөнөөлтэй юм. Хэт их антибиотик хэрэглэснээр нянгийн тэвсэртэй омгуудыг бий болгоно. Коронавирусийн халдвар намжсаны дараа бид эргээд антибиотикийн нянд тэсвэртэй омгуудыг дийлэхгүй түвшинд хүрэх эрсдэлтэй. Энэ ганцхан Монголд биш, дэлхийн нийтэд том асуудал болно. Тиймээс хөнгөн өвдөж байгаа нөхцөлд антибиотик хэрэглэхгүй байя” гэлээ. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх