КОКС НҮҮРС ТҮЛЖ БОЛНО, ГЭХДЭЭ ГАДНААС ХУДАЛДАН АВЧ БИШ ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭХ ЁСТОЙ

Өдрийн сонины сэтгүүлч Б.Энхзаяа Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбатай ярилцжээ.

КОКС НҮҮРС ТҮЛЖ БОЛНО, ГЭХДЭЭ ГАДНААС ХУДАЛДАН АВЧ БИШ ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭХ ЁСТОЙ

 - Эрчим хүчний сайд агаарын бохирдлыг бууруулах шинэ хувилбар хэмээн кокс нүүрсийг БНХАУ-аас импортлон нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хэрэглүүлнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Үүнийг тойрсон олон нийтийн, мэргэжлийн хүмүүсийн байр суурь янз бүр байна. Үрэлгэн зардалтай, эрсдэлтэй хувилбар гэж ихэнх нь үзэж байна. Нүүрсний салбарын эрдэмтний хувьд таны байр суурийг сонсмоор байна?

- Кокс гэвэл нэг өөр, коксжих гэвэл бас өөр.

Нүүрсийг дутуу шатаагаад гаргасан нүүрсийг кокс гэдэг. Тэр коксыг хийхийн тулд нэлээд ажиллагаатай. Шууд аваачаад галд шатаачихгүй. Кокс хийдэг үйлдвэр байгуулагдах ёстой.

Манайх утаанаас салах гэж олон жил ярилаа. Мөн ч олон зүйл туршиж үзлээ, үр дүн байхгүй. Анхнаасаа кокс, химийн үйлдвэр барих ёстой байсан юм. Тэгсэн бол өдийд утаанаас салчихсан байх ёстой. Ер нь утаагүй түлш гэж байхгүй. Илч гаргадаг юм болгон утаа гаргана. Их үү, бага уу, хортой юу, хоргүй юу гэдэг л асуудал.

Нөгөө талаар бид нүүрсээр баян улс. Тэр дундаа коксожсон нүүрсээр баян. Бидний ярьдаг Өмнөговийн Таван толгойн орд бол маш сайн чанарын коксождог нүүрстэй. Түүнээс гадна хагас коксождог нүүрс гэж бий. Наад зах нь Дорноговийн Баянжаргаланд байдаг Элдэвийн уурхай хагас коксождог нүүрстэй.

Товчхон ойлгоё гэвэл кокс бол нүүрсийг дутуу шатаасан гэсэн үг. Утааг нь урд нь шатаагаад арилгачихсан учраас утаагүй түлшинд орж явдаг.

Эрчим хүчний сайдын яриа тийм л нүүрс хийх санаа л болов уу гэж ойлгож байна. Яах вэ, олон түмнийг шуугиулж анхаарал татах гэж ярив уу даа гэж харсан.

- Нүүрсээр баялаг орон гаднаас экспортолж авдаг нь ямар учиртай юм бэ?

- Хятадаас кокс нүүрс худалдаж аваад хэрэглэнэ гэдэг мэдэхгүй. Нэлээд бүдүүн тоймын асуудал. Өчнөөн олон коксождог, хагас коксождог уурхайнуудтай байж хүнээс кокс нүүрс худалдаж авна гэдэг бол арчаагүй айлын жишээ. Өөрсдөө үүнийгээ хийх ёстой.

- Хугацаа, зардал мөнгө орох эд үү?

- Хөрөнгө зарна, хугацаа орно. Аль 10 жилийн өмнөөс бид зуух пийшин оролдож эхэлсэн биз дээ. Түүний оронд коксын үйлдвэрийн сууриа тавьчихсан байсан бол өдийд кокс хийдэг болчихсон л байхгүй юу.

- Гэхдээ коксыг энгийн хэрэглээнд нэвтрүүлбэл илчлэг өндөртэй учраас гэрийн зуух дийлэх үү, угаарын хий өндөртэй юм биш үү?

- Дутуу шатаагаад кокс гаргана гэдэг ямар нэгэн утаа гаргадгийг нь байхгүй болгоно гэсэн үг. Түүний тулд шатааж байж л байхгүй болгоно. Гэхдээ хот дотор үйлдвэр байгуулахгүй. Хорыг нь арилгадаг төхөөрөмжтэй зууханд хийж шатаана.

Гол нь амьдрал дээр манай төр засгийн удирдлагууд, мөнгө шийддэг хүмүүс уурхайчдаасаа асуухгүй юм байна шүү дээ. Уул уурхайн салбарын өчнөөн олон инженер, мэргэжлийн хүмүүс байхад ерөөсөө асуудаггүй. Хаагуур яаж хийгээд байдаг юм. нэг мэдэхэд л дээгүүрээ улстөрчид нэг юм хийгээд л, тэр нь мөнгө угаалт болоод л явдаг болчхож. Ерөөсөө үр дүнтэй, шинжлэх ухааны үндэстэй ажил байхгүй болсон байна.

Өчнөөн олон коксождог, хагас коксождог уурхайнуудтай байж хүнээс кокс нүүрс худалдаж авна гэдэг бол арчаагүй айлын жишээ

Жишээ нь би хоёр жилийн өмнө уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулаад орон нутгийн нүүрсний уурхайнуудын түүхээр баримтат кино хийсэн хүн. Ингэж явахдаа Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайд очсон. Тэндхийн нүүрс хагас коксождог нүүрс. Уурхайн нөхөд нүүрсээрээ кокс хийдэг цех байгуулчихсан байсан. Ингээд цехдээ кокс хийгээд түүгээрээ шахмал түлш хийж байсан шүү. Аль эрт уурхайчид амьдрал дээр хийчихсэн эд. Яагаад түүнийг өлгөж аваад, тэнд мөнгө өгөөд хүчин чадлыг нь нэмэгдүүлээд хийчхэж болдоггүй юм.

Улстөрчдөд ашиггүй болохоор дэмждэггүй юм. Манай улс орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм заваан болчихсон. Сураг сонсвол тэрийг анх зохион байгуулж ном дүрмээр нь хийсэн хүн нь Улаанбаатарт шахмал түлшний үйлдвэрийг анх байгуулсан инженер залуу юм билээ. Тэр залуугаар шахмал түлш хийлгээд амжилттай боллоо гэнгүүт жийчихсэн байхгүй юу. Учир нь тэр инженер улстөрчдийн хүн биш. Жинхэнэ мэргэжлийн инженер хүн номын дагуу хийсэн. Ажлаас нь чөлөөлчихөөр нутагтаа очоод коксоор шахмал түлш хийж эхэлсэн юм билээ.

- Танил технологи гэдэг шиг л сонсогдоод явчихлаа. Олон салбарт ийм зүйл ажиглагддаг болчихсон. Шахмал түлшний үйлдвэрлэл тэр чигээрээ бизнес юм биш үү?

- Би Баянтээгийн уурхайн шахмал түлшний цех рүү нь орж үзсэн. Одоо манай нийслэлчүүд хэрэглэдэг шахмал түлшний барьцалдуулагч бодис гээд Хятадаас оруулж ирээд байгаа нь хортой. Түүнээс болж олон хүн үхсэнийг харж байгаа биз дээ.

Гэтэл тэр инженер нөхөр барьцалдуулагчийг нь улаан буудайгаар хийж байсан. Улаанбуудай бол их цавуулаг. Нунтаглаж тээрэмдээд барьцалдуулагч болгож байгааг нүдээрээ харсан. Улаанбуудай яавч хортой юм биш. Химийн бодис биш, органик гаралтай. Яагаад түүнийг хөгжүүлж, дэлгэрүүлж, дэмжихгүй байна вэ гэдэгт асуудал байна.

Манай улстөрчид, том дарга нар сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаг. Тэр маш аюултай. Аливаа ажлыг, аливаа нэг төслийг явуулахын тулд хамгийн түрүүнд судалгаа хэрэгтэй

Ах нь одоогоос 40 жилийн өмнө энэ шахмал түлшийг хийж явлаа. Дундговийн Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд инженер байхдаа шахмал түлш хийж үзэж байлаа. Бидэнд тухайн үед шахдаг төхөөрөмж нь байгаагүй. Нэг ёсондоо хөрөнгө мөнгө нь байгаагүй гэсэн үг. Ер нь энд тэнд мэргэжлийн хүмүүс олон шинэ санаа ажил эхлүүлдэг, хөрөнгөгүй болоод л зогсдог юм шүү дээ. Бид тэр үед үхрийн баасыг нунтаг нүүрстэй хольж зуурч байгаад хөлөөр гишгэдэг төмөр хэвээр хэвлэдэг байв. Үхрийн баастай холино гэдэг нь ямар нэгэн байдлаар барьцалдуулж байгаа арга нь. Утаа нь хоргүй. Аргалаас цэнхэр утаа гардаг. Тэнд монголчууд үхээгүй.

Өнөөдрийн манай шахмал түлшийг 1990 хэдэн оны үеэр Бээжинд хийж хэрэглэж байсан. Манайд бол нэлээд олон жил янз бүрийн юм туршиж байж саяхнаас л шахмал түлш хийж эхэлсэн. Яах вэ, утаа 25 хувиар багассан гэж би тооцоолдог юм. Гэхдээ барьцалдуулдаг бодисыг бодох ёстой. Тэр л хортой байгаад хүмүүс угаартаад байх шиг байна. Төр засаг үүнийг хортой юм байна гээд ойлгочхоод өөр барьцалдуулагч, өөр ноу- хау хайхын оронд хүний хийчихсэн юмыг шууд оруулж ирж хэрэглэе гэж байна. Энэ бол нэлээд залхуу бөгөөд үрэлгэн бодлого.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх