“БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАН ҮЙЛИЙН СУДАЛГАА-2023″ үр дүнгийн танилцуулах уулзалт боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Боловсролын судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран "Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнгийн тайланг 2024 оны 1-р сарын 29-ний өдөр танилцууллаа.
Тус судалгаа нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар ерөнхий боловсролын 51 сургуулийн 13-17 насны 3281 суралцагчдыг 2 бүлэг 15 модулийн дагуу үндэсний болон хот хөдөөгийн суурьшлаар төлөөлөх хэмжээний түүвэр бүхий анхны судалгаа юм.
Үр дүнг танилцуулах тус уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХНХЯ-ын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д. Баярболд, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар хүрэлцэн ирж, нээлтийн үг хэлэв.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг захирал доктор, дэд профессор С.Өнөрсайхан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв "Боловсролын орчин дахь Хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн судалгаа”-ны танилцуулга илтгэлийг тавилаа.
Энэхүү судалгааны үр дүнг үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар, олон улсын байгууллага, хүүхдийн асуудлаарх үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагууд бодлого, хөтөлбөр тодорхойлоход суурь мэдээлэл болгон ашиглахын зэрэгцээ эрдэмтэн судлаачдад гүнзгийрүүлсэн судалгаа, шинжилгээний ажлын чухал эх үүсвэр болох юм.
Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлын талаарх цогц мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу цуглуулсан бөгөөд бодлого, хөтөлбөрийн үр дүнг хэмжих, цаашлаад суурь мэдээлэл болгоход энэхүү судалгааны зорилго орших бөгөөд дараах зорилтуудыг тавьж ажилласан байна.
Үүнд:
1. Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн талаар засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох;
2. Хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой асуудлаар тоон мэдээллийг бий болгох, цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь мэдээллийн баазыг бүрдүүлэх;
3. Тогтвортой хөгжлийн холбогдох үзүүлэлтүүдийн үр дүнг тооцон гаргах;
4. Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шийдлийн шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлох зэрэг юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх