Хувьцааныхаа 30% худалдах иргэд юу бүрдүүлэх вэ?

Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өчигдөр гаргасан билээ.

1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар ирэх долоо хоногоос авч эхлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, иргэд хувьцааныхаа 30 хувь буюу 300 мянган төгрөгийг авахын тулд ирэх даваа гаригаас өөрт ойрхон арилжааны банкинд хандах юм. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан маягт бөглөж, гарын үсэг зурж аль ч арилжааны банкинд хандаж болно. Материалаа бүрдүүлж өгснөөс долоо хоногийн дараа иргэний дансанд мөнгө нь шилжиж орох аж. Гэхдээ 300 мянган төгрөгийг 100, мянгаар нь салгаж оруулна гэлээ.

Иргэдийн зүгээс зөвхөн даваа гаригт материалаа өгөхөөр банкинд оочер, дугаар үүсгэх шаардлагагүй гэдгийг онцолж байна. Эхэлж материалаа өгсөн иргэд л мөнгөө авна гэсэн зүйлгүй. Учир нь хувьцаа худалдаж авах үйл явц байнгын үргэлжилнэ гэдгийг санууллаа.

Дашрамд дуулгахад, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын хоёр сая 858 мянган иргэн эзэмшсэн билээ. Үүнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор нэг сая 216 мянга 734 иргэнд 464.8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна. Эдгээрээс бусад нэг сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Эдгээр иргэн энэ удаад 30 хувиа Засгийн газарт худалдаж болно. Гэхдээ иргэн өөрөө хүссэн тохиолдолд л 30 хувиа худалдаж болох юм.

Засгийн газар хувьцаа худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг Сангийн яаманд. Харин ямар замаар, хэрхэн эх үүсвэрээ бүрдүүлсэн бэ гэдэг тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Ямартай ч ХАХНХ-ын сайд "Олон улсын зах зээл дэх уул уурхай, ашигт малтмалын үнэ ямар үнэтэй байгаа билээ. Ийм нөхцөлд иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс 1072 хувьцааг Хөрөнгийн биржийн эргэлтэд оруулахгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 1072 ширхэг хувьцааг боломжит цаг хугацаанд эргэлтэд оруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ дагуу ажиллаж байна. Засгийн газар эхний ээлжид 30 хувийг, дараа нь 70 хувийг худалдаж авах үүрэг хүлээж байна. Өнөөдөр 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит нөхцөл бүрдсэн гэж үзсэн. Учир нь өмнө нь инфляци өндөр байсан. Тэгвэл одоо инфляци хоёр хувьтай, эдийн засгийн өсөлт 3.1 хувьтай. Ийм тааламжтай нөхцөлд эдийн засаг руу бэлэн мөнгөний нийлүүлэлт хийхэд үнийн өсөлт зэрэг бусад эрсдэл бага гэж үзэж байгаа” гэлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ARDCHILAL.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх