С.Амарсайхан: МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд ипотекийн зээлийг одоогийн 6 хувиас ч бага хүүтэй авах боломжтой

С.Амарсайхан: МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд  ипотекийн зээлийг одоогийн 6 хувиас ч бага хүүтэй авах боломжтой

 

Дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын төвлөрлийг багасгах, зах зээл дээр байгаа орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтран, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн. Түүнээс хойш 2020 он хүртэлх хугацаанд нийт 100 мянган өрхөд 5 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ.
Тус зээлийг авсан иргэд сар бүр өрхийн орлогынхоо 45 хүртэлх хувь буюу дунджаар 700 гаруй мянган төгрөгийг 30 жилийн турш төлж байна. Гэтэл иргэдийн төлж буй зээлийн эргэн төлөлтөөс шимэгчилж суудаг "Монголын ипотекийн корпораци" компанитай холбоотой ноцтой асуудлыг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр олон нийтэд дэлгэлээ.
Тэрбээр "Монголбанкнаас санхүүжилт нь гарч арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрдэг уг хөтөлбөрөөс "Монголын Ипотекийн корпораци” зуучилсан гэдгээрээ иргэдийн сар бүр төлдөг төлөлтөөс хувь авч байна. МИК дундаас нь хувь авдаггүй бол монголчууд ипотекийн 8 хувийн зээлийг 5-6, одоогийн 6 хувийн зээлийг 5 хувиар авах боломжтой байсан. Тиймээс энэ асуудлыг цааш нь илүү нухацтай авч үзэж, бодит үр дүнд хүртэл нь тууштай анхаарч ажиллана” гэлээ.
Хөтөлбөрийн эхний жилд буюу 2013 онд 6600 өрхөд 900 тэрбум төгрөгийн зээл олгосон бол түүнээс хойш санхүүжилт буурсаар 2020 онд 5800 өрхөд 409 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна. Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байгаа аж.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх